Мартин Ценкер: "Хөгжмийн эссенц нь хайр, талархал, хүндэтгэлд байдаг"

Мартин Ценкер: "Хөгжмийн эссенц нь хайр, талархал, хүндэтгэлд байдаг"

 Хөгжимчин хүнийг ганцхан авьяас, ур чадвар тодорхойлохгүй. Харин хүн чанар уран бүтээлчийнхээ хувьд хэн гэдгийг нь тодорхойлох хүчтэй аж. Магад энэ зарчим манай улсад жазз, жазз хөгжмийн боловсролыг хөгжүүлэн, түгээхэд сүүлийн арваад жилийг зориулаад байгаа Германы жазз хөгжимчин Мартин Ценкер болон түүний багийг хөдөлгөгч гол хүч нь болдог биз ээ.

 Энэ удаагийн ярилцлагыг бид Их дэлгүүрийн урд нээгдсэн "Bird Jazz Club"-т хийлээ. Уг клубыг Мартин Ценкерийн сурагчдын нэг “Fat Cat" жазз клубыг үүсгэн байгуулагч, бүрээчин Г.Хонгор ажиллуулдаг. Энд бид хөгжимчдөд тулгардаг хатуу бодит байдал, түүнийг давж гарахад хэрэгтэй тэсвэр хатуужил мөн хөгжимчний хийж байгаа зүйл хамгийн эхлээд өөрт нь таалагдах ёстой талаар ярилцав.

 *Энэ ярилцлагын эх нь Англи дээр бөгөөд доорх нь орчуулж, найруулсан хувилбар болно.

 -Ер нь таны аялал Монголоос хэрхэн эхэлсэн бэ? Энэ талаар бид хоёр огт ярилцаж байгаагүй юм байна.

 -2010 онд би Өмнөд Солонгост амьдарч байхдаа холын зайн гүйлтээр идэвхтэй хичээллэдэг байлаа. Жилдээ овоо хэдэн марафонд гүйчихдэг байсан. 2010 онд манай нэг найз биелүүлмээр хүнд сорилт байна гээд Хөвсгөл нуурын эргээр 100 км-ийн холын марафонд оролцохоор бүртгүүлсэн. Тэр нь “Sunrise to Sunset” гэдэг марафон байсан.

 -Аан за.

 -Тэгж яваад би очсон газрынхаа жазз хөгжмийг сонирхлоо. Яг тухайн үедээ тоотой хэдэн хүн байсан. Тэдний нэг нь “UB Jazz” клубыг үүсгэн байгуулагч, “Giant Steppes Jazz” фестивалийг зохион байгуулагч Ганбат байлаа. Үүнээс хоёр жилийн дараа би Мартин Жэйкобсен, Пол Кирби, Ким Минчан нартай “Giant Steppes Jazz”-д уригдаж, тоглосон.

Мөн бид Хөгжим бүжгийн коллежод анхны воркшопоо хийсэн. Хөгжим бүжгийхэнд энэ ажил маань таалагдсан тул дахиад нэгийг зохион байгуулсан.  2013, 2014 он хавьцаа бид Гёте-Институттай хамтран Монголд жазз хөгжмийн боловсролын тогтолцоог бий болгох төлөвлөгөө гаргасан. Үндсэндээ өнгөрсөн 11 жилийн хугацаанд бидний хийж ирсэн зүйлийн суурь тавигдаж, Монгол дахь миний аялал эхэлсэн дээ.

 -Тэгвэл энэ аялал цаашид хэрхэн үргэлжилсэн бэ? Сүүлийн хэдэн жилүүдэд танд юу тохиов?

 -2014 онд би Монголд жазз хөгжмийн тэнхим байгуулна гэсэн амлалттай ажиллаад явж байсан. Тухайн үедээ их гэнэн байж. Энэ зорилгынхоо дагуу ажиллаад явж байхад, 2017 онд гол түншүүдийн нэг Гёте-Институт төслөөс гарсан. Үүнийг хоёр талаасаа анхнаасаа тохиролцчихсон байсан л даа. Тэд манай төсөлд маш их дэмжлэг үзүүлсэнд их баярлаж явдаг. Бид нар хэзээ нэг өдөр биеэ дааж, өөр түншүүдтэй болох ёстой гэдэг нь гарцаагүй байсан. Иймд бид олон улсад холбоо сүлбээтэй болох шаардлагатай болж байв. Хэдий хэцүү үеүд байсан ч өнөөдөр үйл ажиллагаа маань нэлээд тогтворжоод байгаа.

 2018 онд миний сурч байсан сургууль надаас Пауло Кардосог орлож багшлах   санал тавьсан. Пауло Кардосо миний маш сайн найз байсан. Хэрэв энэ нэрийг санаж байвал тэр Монголд хоёр удаа ирж тоглосон. Харамсалтай нь найзын маань бие хүнд өвдөж, бурхан болсон. Тэр цагаас хойш би Мюнхений амьдрал бас Монголын амьдрал гэж хоёр амьдралаар амьдрах боллоо. Мюнхенд хэдэн жил ажиллаад би олон улсын харилцааны тал дээр давгүй гэдгээ ойлгосон. Ингээд сургуулийнхаа гадаад харилцааг хариуцах болсон. Одоогоор би дэлхийн олон төсөлд оролцон ажиллаж байна. Дөнгөж сая Мадагаскарт байж байгаад ирсэн. Жилдээ нэг удаа Бразил руу болон Өмнөд Африкт очдог. Цаашлаад Куб, Канад, Сингапур гэх мэт. Тэгэхээр одоо амьдралынхаа гуравны нэгийг Монголд өнгөрөөж байгаа гэсэн үг. Улаанбаатар хотыг би өөрийнхөө нэг гэр гэж боддог. Энд бас чөлөөт цагаа ч өнгөрүүлдэг.  Мөн Хөгжим бүжгийн коллежэд зөвлөхөөр ажиллаж байна. Харин Мюнхенд очихоороо төслүүдэд багшилж, хөгжүүлэлтэн дээр нь ажилладаг.

 -Ярилцлага эхлэхийн өмнө хоёулаа таны таксины жолоочоор ажиллаж байсан талаар товч ярилцсан. Суралцаад явж байгаа залуус үлгэр дуурайлал авдаг мастер хүн нь саад бэрхшээлгүй л өдийг хүрсэн гэж төсөөлөх гээд байдаг шүү дээ.

 -Жазз хөгжмийн түүхийг сонирхоод үзье. Жон Колтрейнтэй дэлхийг тойрон тоглосон төгөлдөр хуурч Маккой Тайнер Колтрейнийг нас барсны дараа таксины жолоочоор ажиллаж байсан. Билл Эванстай тоглож байсан бөмбөрчин Эллиот Зигмунд ч гэсэн ялгаагүй. Тэдэнд тийм амар байгаагүй учраас хажуугаар нь өөр юм хийдэг байсан. Хүмүүс соёл, урлагт дуртай. Гэхдээ бид соёл, урлагийг хангалттай дэмждэггүй. Тийм ч учраас бид давхар ажил хийх болдог. Би ч гэсэн яг адилхан. Нээрээ ч надад хэцүү үеүд байсан. Гучаад нас хүртлээ их тэмцэлтэй байсны эцэст яваандаа арай дээрдсэн. Одоо сайн байгаа ч заримдаа амьдралаа авч явахад шаардлагатай зүйлсээ болгох гэж бас л тэмцдэг.

-Соёлын ийм амаргүй нөхцөл байдлаас харахад хөгжимчин хүнд реализм хэрэгтэй юу?

 -Тухайн хүний зорилго юу байхаас шалтгаална. Нэг талаараа маш бодитой байх хэрэгтэй болдог. Жишээлбэл, би гэхэд таксины жолоочоор ажиллаж байсан байна шүү дээ. Энэ бол дэлхийн ямар ч хөгжмийн оюутанд тулгардаг асуудал. Тэд бүгдээрээ "Би үүнийг л хийнэ.  Тэгээд би гайхалтай хөгжимчин болно." гэж боддог. Тэгээд тэдний зарим нь бодит байдалтай нүүр тулдаг. Тэдний зарим нь хөгжмөө хаяад таксины жолооч болох магадлалтай эсвэл бүр хөгжим хийхээ ч больдог. Бусад нь арилжааны хөгжим эсвэл банк эсвэл огт өөр салбар луу ч ордог. Тиймээс бодит байдал таныг хэзээ нэгэн цагт дайрна. Яагаад? Энэ бол амьдралд тохиодог л зүйл.

Тиймээс бодит байдал таныг хэзээ нэгэн цагт дайрна. Яагаад? Энэ бол амьдралд тохиодог л зүйл.

Өөр нэг хувилбар бас байдаг. Миний үеийн хүмүүсийн дунд л даа. Миний хөгжмийг мэдэх хүн байхгүй. Тийм учраас зөвхөн өөртөө зориулж л хөгжим хийдэг. Энэ хорвоо угаасаа бүтэхгүй учраас би өөрийгөө ч танихаа больсон гэж ярьдаг. Энэ бол миний бодлоор хөгжимчний карьерт байж болох хамгийн муу хувилбар. Тиймээс маш их өөдрөг байж, өөртөө маш их итгэх хэрэгтэй. Бодит байдалтай нүүр тул. Бодит байдлыг даваад гарч чадах цөөн хэдэн азтай хүмүүсийн нэг гэдэгтээ бат үнэмших хэрэгтэй.

-Таны хувьд тэр бодит байдлыг даван туулах арга юу байсан бэ?

 -Түрүүн хэлсэнчлэн би залуудаа их гэнэн байсан.  Би бүгдийг нь бүтээнэ гэж бодсон. Гэнэн дээрээ их зөрүүд байсан тул маш их хөдөлмөрлөж, маш их эрсдэлийг үүрж байсан. Өнөөдрийн намайг хэн бэ, би яагаад ийм гэдгийн цаана ийм хоёр чанар байгаа. Зарим хүмүүс төрөлхийн авьяасаараа чаддаг. Үүний нэг том жишээ бол Энжи. Энжи маш их хөдөлмөрлөдгийн зэрэгцээ маш авьяастай. Дээрээс нь тэр маш азтайгаар гоё сонголтууд хийж чадсан.  Одоо түүнд туслаж дэмжих том баг бий. Үүнийг харах надад үнэхээр гайхалтай байдаг.

 -Таны энэ баталгаа нь тодорхойгүй замаар явж байгааг гэр бүлийхэн чинь хэрхэн үнэлж байсан бэ?

-Манай гэр бүлийнхэн үргэлж хөгжмийг дэмждэг байсан. Заавал жазз хөгжмийг биш л дээ. Хөгжимчин болно гэсэн бодолдоо нухацтай хандмагц тэд дэмжиж эхэлсэн. Би анх долоон настайгаасаа хийл тоглож байгаад, дараа нь басс хөгжим тоглож эхэлсэн. Тэгээд би 17 настайдаа мэргэжлийн хөгжимчин болмоор байна гээд сургуулиа хаясан. Эцэг эхэд маань энэ санаа таалагдаагүй. Миний хэлсэнчлэн 38 хүртэл надад амархан зүйл байгаагүй. Би 21 настай байхдаа чөлөөт уран бүтээл туурвин, олон аялан тоглолт хийж эхэлсэн. Мэдээж аав, ээж хоёр маань надад хайртай байлгүй яахав. Гэхдээ тэд надаас үргэлж ирээдүйгээ яаж харж байна, яагаад өөр карьер оролдож болохгүй гэж их асуудаг байсан. Би 38 настайдаа Өмнөд Солонгост профессор болсон. Тэр цагаас хойш миний амьдрал нэлээд тогтворжсон.

 -Ингэхэд холын зайн гүйгч, хөгжимчин байхын хооронд ямар нэгэн хамаарал байгаа юу? Жишээлбэл, Японы зохиолч Харуки Мураками гэхэд "Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэхийг хүсдэг вэ" гэдэг номондоо бичих, гүйх хоёрын хамаарлыг талаар бичсэн байдаг.

 -Би тэр номыг жилд дор хаяж нэг удаа төрсөн өдрөөрөө бэлгэнд авдаг (инээв). Гэхдээ үнэхээр тийм. Хөгжим бол аливааг илэрхийлэх зам. Хүсэл тэмүүллийн илэрхийлэл. Хөгжим ямар нэг зүйлд хүрч, тэрнийхээ ард гарах гэсэн утгыг агуулж байдаг. Спортод үүнтэй төстэй талууд байдаг. Хэл ч ялгаагүй.

Марафонд гүйх нь маш их бэлтгэл шаарддаг. Сэтгэл хөдлөлөөр эсвэл зүгээр л хүслээ гээд болдоггүй. Бэлтгэл заавал хийх хэрэгтэй. Найрал хөгжимд орохыг хүсч байвал бэлтгэл хийх хэрэгтэй. Сайн хөлбөмбөгчин болохыг хүсч байвал бэлтгэл хийж л таараа. Хөгжмийн хувьд ч мөн адил. Марафонд гүйх нь өөрөө амархан. Хамгийн хэцүү зүйл бол Ням гараг бүр 40, 50 км гүйх. Гүйх гүйхдээ та өөрөө л гүйнэ. Гүйхэд ч гэсэн сурах, дадах ижил үйл явц явагддаг.

Хөгжим маш их тэсвэр шаарддаг. Тэр хөгжмийг та л тоглоно гэдэг утгаараа бага зэрэг ганцаардалтай бас би ганцаараа юм байна гэсэн сэтгэл төрдөг.



-Таны хувьд жазз хөгжим тоглохдоо юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

 -Өөрийгөө. Би таны асуултад философилог хандаж болно. Би энд тэнд очоод захиалгаар тоглож байгаа газраасаа нөлөө авдаг эсвэл би дэлхийн асуудлыг илэрхийлэхийг хүсч байна гэж хариулж болно. Гэхдээ хөгжимд тайлбар хэрэггүй гэж би боддог. Яагаад гэвэл тэр хөгжим өөрөө өөрийгөө батлан харуулах ёстой.

"Гэхдээ хөгжимд тайлбар хэрэггүй гэж би боддог. Яагаад гэвэл тэр хөгжим өөрөө өөрийгөө батлан харуулах ёстой."

Би жазз гэж нэрлэгддэг энэ хамтралын нэг хэсэг байхын зэрэгцээ тухайн нөхцөлд аль болох цэвэр, шүүлтүүргүй байхыг хичээдэг. Тэрхүү дөрвөн хүний ярианд ороод зөвхөн миний юу хэлэх, юу илэрхийлэх тийм ч сонин биш. Тийм учраас бид хамтдаа хамгийн сайн үр дүнд хүрэхийн төлөө би тоглож байгаа шүү гэдгээ тодорхой байлгадаг. Жазз хөгжим тоглож байхдаа гүйцэтгэх өөрийнхөө дүрийг би тэгж хардаг. Заримдаа урд гараад тоглоно, заримдаа арын эгнээнд ч тоглоно. Гэхдээ үүнээс үл шалтгаалан би гарах үр дүнд төвлөрч, хамгийн сайнаараа тоглохыг хичээдэг.

Одоо арай философилог хариулт өгье гэвэл би Жесс Дэвистэй 15 жил тоглож байгаа. Бидний анхны тоглолтын дараа тэр хөгжим, хайр, энергийн тухай ярьж байлаа. Эхэндээ би дэмий юм ярьлаа гэж боддог байсан. Гэхдээ тэдгээрт л жазз хөгжмийн утга учир байгаа гэдгийг ойлгох болсон. Хөгжмийн эссенц нь хайр, талархал, хүндэтгэлд байдаг. Өнөөдөр ч гэсэн Жесс Дэвис тоглолт бүрийнхээ дараа энэ тухай ярьдаг хэвээрээ.

-Хүн шиг хүн байх, сайн хөгжимчин байх хоёрын хооронд ямар нэгэн хамаарал байдаг уу?

 -Байх ёстой. Яагаад гэвэл надтай хамт тоглож байсан мундаг хөгжимчид бүгд хүнийхээ хувьд сайн хүмүүс байсан. Цөөн хэдэн онцгой тохиолдлыг эс тооцвол. Жишээлбэл, Стэн Гетцийг тийм ч сайн хүн байгаагүй гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд надтай хамтран тоглож байсан тэр гайхалтай хөгжимчид хамгийн даруухан хүмүүс байсан. Билли Харт гэхэд маш нэр алдартай хөгжимчин. Тэр надаас 30 насаар ах. Бид анх хамтран тоглож байхад би хэн ч биш, харин тэр миний хувьд хөгжмийн суут том хүн байлаа шүү дээ. Гэсэн хэдий ч тоглолт дуусаад тэр над руу хүрч ирээд "Мартин, би бүр найруулгаа ч харж амжаагүй тоглосон. Энэ тоглолтод намайг авч гарсанд баярлалаа.”  гэж хэлээд тэвэрч байсан.  Уг нь Билли Хартад надад тийм үг хэлэх шаардлага байгаагүй шүү дээ. Тэгэхээр миний туршлагаар бол сайн хөгжимчин, сайн хүн байх хоорондоо хамааралтай. Яахав, гадны юм орж ирээд, зорилго нь өөр тийшээ хазайх юм байдаг. Тэрнээсээ болж хөгжим нь дорддог тохиолдлууд ч байдаг.

-Хөгжимчин хүн юуны нөлөөнд хэзээ ч автаж болохгүй вэ?

-Миний шууд өгөх хариулт бол аливаад нээлттэй байгаарай. Гэхдээ надад дахин нэг бодох боломж өгвөл эго болон аливаа сөрөг сэтгэлд хөтлөгдөхийг хэзээ ч бүү зөвшөөр гэж хариулъя. Ганцаараа байх, ганцаардах бол зүгээр байдаг л зүйл. Энэ бол жирийн сэтгэл хөдлөлүүд. Гол нь хөгжимчин хүн хана босгож, бусад хүмүүсийн сөрөг сэтгэлээр өөрийгөө чиглүүлж болохгүй. Хөгжимдөө тэрийг оруулахыг зөвшөөрөх ч ёсгүй. Яг хөгжим зохиох бас найруулах явцад ийм юм нэг их тохиолддоггүй. Харин тайзан дээр жишээлбэл, таалагддаггүй хүнтэйгээ тоглоход тохиолдож болно. Иймэрхүү үед эерэг царайлах хэцүү.  

Харин багш гэдэг утгаараа би сурагчиддаа ямар нэг юмнаас хол, ойр бай гэж хэлэх нь зөв биш. Гэхдээ би тэдэнд хийж буй зүйлдээ нухацтай хандаж, хиймэл оюун ухаан гэх мэт товч замыг битгий хай гэж л хэлэх байх.

Өөртөө шударга байж, өөртөө үнэн хандах бол миний хувьд зайлшгүй байх ёстой. Магадгүй миний хэлэх нэг зүйл бол хурдан ирсэн амжилтанд сохрох хэрэггүй. Дэлхийн нэгдүгээр байрны ямар нэгэн шагнал авна гэдэг бол дүрэлзээд унтрах дөлтэй адил. Иймэрхүү товч замаас зайлсхий гэж зөвлөх байх. Тэгээд мэдээж өөрийнхөө дотор юу байгааг олж мэд.

 -Тэгвэл үзэгч, хөгжимчин хоёрын хэн нь эхэнд байх ёстой вэ?

 -Хөгжимчин өөрөө нэгдүгээрт байх ёстой. Хөлбөмбөгийн талбай дээр бөмбөг өшиглөх гэж байгаа довтлогч үзэгчдийн тухай боддог гэж та бодож байна уу? Хүмүүсийг жаргааж, өөртөө хайр татахын тулд үзэгчдэд зориулаад гоол оруулъя даа гэж бодохгүй л болов уу.

 Тайзан дээрээс хүмүүс алга ташиж байгааг харах сайхан байдаг. Гэхдээ би сайн, муу тоглох тэнд байгаа үзэгчдийн тооноос хамаарахгүй. Хөгжимчдөд огт хамаагүй гэсэн үг биш л дээ. Ямаршуу байна гэдгийг харж байгаа. Зүгээр л бидний хийж байгаа зүйлд нөлөөлөхгүй. Бид хөгжмөө тоглодгоороо тоглоно. Үзэгчид дээд өнгийн нот сонссондоо сэтгэл нь хөөрсөнөөс болж хөгжимчин нөгөө нотоо дараа дахин дахин тоглох тохиолдол бий. Миний бодлоор энэ бол хормын төдий бас сэтгэлд нийцэхгүй л зүйл. Ингэх бол шоу бизнес. Би шоу бизнест дуртай. Гэхдээ би тийм хүн биш. Шоу бизнесийг сонгоод жүжигчин болсон хүмүүс байдаг. Күүл. Зүгээр л хамгийн эхлээд өөрт чинь таалагдах ёстой гэдгээ мартаж болохгүй.

-Та амжилтанд итгэдэг үү?

 - Амжилт олон төрөл гэж би боддог. Санхүүгийн амжилт гэж байна. Бид бүгдээрээ амьдрах хэрэгтэй учраас энэ бол чухал амжилт. Үнэнийг хэлэхэд миний хувьд хамгийн том амжилт бол концерт тоглосны дараа эсвэл студид бичлэг хийсний дараа “Давгүй тоглочихлоо. Саяных надад таалагдлаа.” гэж хэлэх байдаг. Ер нь бол үзэгчдийн өмнө зогсчихоод би сайн тоглолоо гэж яриад байдаггүй. Тэртээ тэргүй өөрийнхөө тоглолтод маш шүүмжлэлтэй ханддаг. Жон Колтрейн өөрийнхөө тоглолтод их дургүй байсан гэдэг. Тийм учраас “За, би чадвараа шавхаад нэлээн дажгүй тоглолоо.” гэж хэлэх нь том амжилт шүү. Миний хувьд тэр бол маш том амжилт.

 “За, би чадвараа шавхаад нэлээн дажгүй тоглолоо.” гэж хэлэх нь том амжилт шүү. Миний хувьд тэр бол маш том амжилт.

-Хөгжмийн карьертаа итгэл муутай болж, бүрмөсөн орхихыг хүссэн үе танд бий юу?

 -Бараг л үгүй. Одоо эргээд бодоход намайг яг одоо байгаа газар минь авчирч, өнөөдрийн энэ хүнийг юу бүтээсэн бэ гэвэл хөгжимчнөөр ажиллаад явахад тулгардаг бодит байдлын эсрэг маш гэнэн бөгөөд зөрүүд зантай байсны холионд л үүссэн гэж боддог. Дээрээс нь би зовоход бэлэн байсан. Тиймдээ ч ер нь үргэлж бүтнэ гэж боддог байсан. Би Монголд ирээд энэ улсын талаар юу ч мэдэхгүй атлаа жазз хөгжмийн тэнхим байгуулна гэж хүмүүст амласан. Энэ бол маш гэнэн үг байсан. Гэхдээ би зөрүүд учраас бүтээх хүртлээ тэмцэх учраас бууж өгөх нь хэзээ ч сонголт байгаагүй. Би хөгжимлөг байдалдаа эргэлздэг үү? Тийм, үргэлж. Үзэгчид “Би юу тоглож байгаагаа сайн мэдэхгүй байна өө.” гэж ярьдаг уран бүтээлчийн хөгжмийг сонсохыг хүсэхгүй учраас тэрийгээ харуулаад байдаггүй. Хоол хийж чадахгүй гээд яриад зогсдог тогооч гал тогоонд байж болохгүйтэй адил.

 -Та багшлахдаа дуртай юу?

 -Тиймээ. Мэдээжийн хэрэг. Ер нь 38-тайдаа Солонгост профессор болох санал авах хүртэл би багшлахгүй гэсэн бодолтой байсан. Чадах нь багшилдаг, чадахгүй нь багшилдаггүй гэж боддог байлаа. Мэдээж, өмнө нь Солонгост олон удаа очиж байсны хувьд харь орон руу нүүж байгаадаа сэтгэл догдолж байлаа. Би багшлах дуртай. Би багш нарын олон нийгэмлэг, бүлэг, байгууллагад оролцоод явдаг. Гэсэн хэдий ч би өөрийгөө багш гэж хардаггүй. Би өөрийгөө арай илүү туршлагатай учраас энэ залуучуудад хаалгыг нь нээж өгөхийг хичээж байгаа хүн гэж л хардаг. Намайг сурагчиддаа "Чи ингэж болохгүй!" гэж хэлж байсан гэж сонсохгүй л болов уу. Яагаад гэвэл би тэдэнд үргэлж "Хийж байгаа зүйлдээ дуртай байгаарай." гэж хэлдэг.

-Тэгвэл багшийн нүдээр харахад сахилга бат гэж юу вэ? Өөртөө хатуу хандахыг хэлэх үү? Эсвэл хийж байгаа юмнаасаа таашаал авах уу?

-Сайн асуулт байна. Би гүйлт болон гүйлтийн бэлтгэлээс хэрэв хүн ямар нэгэн юманд хүрэхийг хүсч байвал бэлтгэл зайлшгүй хийх хэрэгтэй гэдгийг сурсан. Үүнийг товчлох ямар ч боломжгүй.  Төрөлхийн илүү авьяастай хүмүүс байлаа ч тэд одоо байгаагаасаа өндөрт хүрэхийг хүсвэл сахилга бат зайлшгүй хэрэгтэй.

Тэглээ гээд сөрөг эсвэл солиорох хэмжээнд хүрч болохгүй. Том концерт, big band-ийн найруулга гээд ер нь юманд бэлдэх дандаа гоё байдаггүй. Үүний цаана хөдөлмөрлөх зайлшгүй.Тийм учраас үргэлж сайхан үр дүнд хүрнэ гэсэн санаагаар хандах хэрэгтэй. Зүгээр “За, энийг ингээд хийхэд болно доо.” гэсэн сэтгэхүйгээр хандаж болохгүй. Харин тэр хийж байгаа юмаараа бахархах хэрэгтэй. Хийж байгаа юмандаа ийм мүтивацгүй болвол, таны сахилга бат сахилга бат биш болж хувирна.

Энэ ч утгаараа би өөрийгөө багш гэж хардаггүй. Харин ажлынхаа үр дүнг л хардаг. Жишээлбэл, Энжи болон дэлхийн бусад улсад тоглож байгаа мундаг хөгжимчдөө хараад сайн яваасай л гэж хүсдэг. Тэгэж явааг нь ч харахад их сайхан байдаг.

 -Танд нөлөөлсөн багш байгаа юу?

 -Намайг бага байхад хөгжимчин болоход үнэхээр нөлөөлсөн багш нар байсан. Би сонгодог хөгжмийн чиглэлээр төгссөн. Оркестерийн хөгжимчин болохоор бэлтгэж байлаа. Сонгодог хөгжмийн багш маань надад маш том ментор байсан даа. Түүнээс хөгжмийн зэмсэгтэй хэрхэн харьцах энэ тэр гээд олон зүйл сурсандаа үргэлж баярладаг.

 Надад жазз хөгжимд хүн шиг хүн байхыг үлгэрлэсэн хүн бол 100 хувь Билли Харт гэж хэлмээр байна. Бөмбөрчин Билли Харт. Тэр Майлс Дэвистэй хамт тоглож байсан. Тэр бүгдэнтэй нь тоглосон.  Тэр одоо 84 настай. Одоо ч тоглож байгаа. Тэр надад энэ салбарт найдвараа алдахгүйгээр хүн чанараа тээхийг заасан. Хүн бүр ийм үлгэр дуурайллыг үзээсэй гэж би хүсдэг. Бас бөмбөрчин Рик Холландер байна. Тэр Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Миний хувьд мөн л том ментор байсан. Дээрээс нь тэр надад хөгжмийн зохиолчийн хувьд алсын хараатайгаар юунд ч буулт хийхгүй, маш шулуухан байх ёстойг харуулсан. Чарлез Мингус бас надад маш их нөлөө үзүүлсэн. Түүний хөгжим дээр би тогтмол ажилладаг.

 -Мингусын хөгжмийг тоглох ямар байдаг вэ?

 -Нэгдүгээрт, тоглох бүрд нэр төрийн хэрэг байдаг. Би өсвөр наснаасаа хойш түүний хөгжмийг сонссон. Миний тоглож байгааг сонсохгүй байгаад баяртай байна гэж өөртөө хэлдэг. Инээдтэй бодол л доо.  Чарлез Мингус хөгжмөө хэрхэн концепцчилсон нь ... басс нь хөгжмөө жолоодох маш их чадвартай байдаг. Бассчины хувьд би үргэлж хөлгийн ахлагч шиг санагддаг. Яагаад гэвэл ар талын хүн нь шүү дээ. Их бага хэмжээгээр өөрийнхөө урд байгаа зүйлсээр удирдуулж байдаг. Гэхдээ Мингусын хөгжимд энэ байдал маш зугаатай байдаг. Би ч тэрэнд нь дуртай. Энэ тал дээр би олон жил ажиллаж багаа. Энэ ярилцлагын өмнө би хэдэн нот эмхэлж байгаад ирлээ. Хэдэн долоо хоногийн дараа би Канадын их сургуульд Чарлез Мингусын семнарт суух гэж байна. Надад зөвхөн түүний хөгжмийн 600 гаруй хуудас бүхий найруулга байдаг.

-Бүтээлч байх гэж бид их ярьдаг болсон. Ер нь хөгжимчид энэ үгийг хэрэглэдэг үү?

 -Би энэ асуултад хариулахын тулд хэд хэдэн өнцгөөс харах ёстой болов уу. Юуны өмнө хүн хийж байгаа зүйлийнхээ зорилгыг хэзээ ч мартаж болохгүй. Зорилго нь юу вэ? Зорилго нь эхлээд өөрөө хийж байгаадаа сэтгэл хангалуун байх шүү дээ. Тэгж байж бусдын зүрх сэтгэлд хүрч чадна. Хийж байгаа зүйл хүнд өөрт нь таалагдахгүй бол өөр хэнд ч таалагдахгүй. Үүний дараа бүтээлч байдал орж ирж болно. Бүтээлч байдал нь техник, хөгжмийн чадвар гэх мэт янз бүрийн хэлбэрээр бий болно.

"Юуны өмнө хүн хийж байгаа зүйлийнхээ зорилгыг хэзээ ч мартаж болохгүй. Зорилго нь юу вэ? Зорилго нь эхлээд өөрөө хийж байгаадаа сэтгэл хангалуун байх шүү дээ. Тэгж байж бусдын зүрх сэтгэлд хүрч чадна."

 Чадвартай байлаа гээд хүний зүрх сэтгэлд хүрнэ гэсэн үг биш. Тийм учраас өөрийгөө яагаад илэрхийлж байгаа зорилгоо хэзээ ч битгий мартаарай. Амбицлан барин бүтээлч байх шаардлагагүй олон тохиолдол байдаг. Хэрэв та Жеймс Брауны хамтлагийг харвал бассчин нь нэг риффийг дахин дахин тоглодог. Тэр бүтээлч байх албагүй. Түүний ажил бол тэр хэмээ барих шүү дээ. Бүтээлч байдал таны зорилго, хийх ажлаас шалтгаалах тул тунг нь тааруулаарай.

 Нөгөөтэйгүүр, эрэл хайгуул хийх зорилгоор бэлтгэл хийх гэдэг утгаараа өөрийгөө бүтээлчээр сорьж үзэх нь маш чухал. Та "Би шинэ гармоник концепцийг туршиж байна эсвэл харцаа тэлэхийн тулд урьд өмнө хэзээ ч оролдож байгаагүй зүйлийг туршиж байна." гэх мэт байж болно. Гэсэн хэдий ч танд таалагдаж байна уу үгүй юу гэдгээ битгий мартаарай. Хэрэв энэ нь зөвхөн өмнө нь хэн ч хийгээгүй эсвэл би хийсэн зүйлээсээ залхсан учраас л өөр зүйл хийж байгаа бол битгий хий! Жесс Дэвис энэ талаар маш гоё үг хэлсэн. Нэг сурагч түүнээс “Тоглож байхдаа өөрийнхөө дуу хоолойг яаж олох вэ?" гэж асууж. Тэр хэлэхдээ, би зүгээр л санаанд орсон бүхнээ тоглодог. Тэгээд дараагийн удаа тоглохдоо таалагдаагүй юмаа хаяж тоглохыг хичээдэг гэсэн.  Энэ нь явсаар эцэстээ таны дуртай зүйлс рүү задрах болно. Сонсоход маш энгийн юм шиг мөртлөө яг үнэндээ хийж байгаа юмнаасаа дуртай юмыг нь олох ямар хэцүү гэдгийг олон хүн төсөөлж чаддаггүй. Гэхдээ энэ л эссенц нь шүү дээ. Танд таалагдаагүй юм өөр хүнд яагаад таалагдана гэж? Би түрүүн хэлсэн. Амжилт гэдэг бол тоглож байгаа хөгжим нь тухайн хүнд өөрт нь таалагдах. Тэгэхдээ энэ бол хааяа л тохиодог зүйл.

 -Мандухай та хоёрын бэлдэж буй томоохон төслийн талаар манай уншигчдад сонирхуулаач.

 -Хөтөлбөр, сургуулиас гадна Мандухайгийн удирдлаган дор явдаг “Жазз Лаб” гэж байгууллага бий. Бид хоёулаа жазз хөгжмийн олон улсын сургуулиудын холбоо болох “IASJ”-ийн гишүүн. Долоон гишүүнтэй гүйцэтгэх зөвлөлд нь бид хоёр байдаг. Тус байгууллага нь дэлхий даяар 150 эсвэл 200 хамтрагч сургуультай. Тэд жил бүр хурал хийдэг. Гурван жилийн өмнө Нью-Йоркт, дараа нь Хельсинкид, энэ жил Австри улсад зохион байгуулагдлаа.

2026 оны хувьд Мандухай бид хоёр Монголд уг хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрээс профессор, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд 100 хөгжимчнийг хүлээж авна. Энэ бол хөгжим, тэр дундаа жаззын боловсролын талаар дэлхийн хамгийн чухал хурал. Мөн энэ зөвшөөрлийг авах явц хоёр үе шаттай байсан. Тэгээд 2 жилийн өмнө анх бүртгүүлээд дараагийн шатанд тэнцээд, өнгөрсөн долдугаар сард дахин хүсэлт гаргасан. Ерөнхий ассемблей нь зөвшөөрсөн. Азид анх удаа, Монголд анх удаа болох гэж байна.

Home

-Залуу хөгжимчдөд хандаж хэлэх таны сүүлийн үг юу вэ?

 -Олон чиглэлд харцаа тэл. Тухайн юм хаанаас яаж бий болсныг илүү гүнзгий судал. Хүссэнээсээ давж урагшил. Жазз хөгжим 100 гаруй жилийн түүхтэй. Бидний одоогийн нэрлэж заншсанаар “Gen Z”-ийн хувьд бүх зүйл 2020 оноос эхлээд байх шиг. Тэд маш цөөхөн тохиолдлыг эс тооцвол 2020 оноос өмнө юу болсныг мэдэхгүй. Тэд хийж буй олон зүйлээ шинэ гэж боддог ч тийм биш байдаг. Маш удаан хугацааны өмнө хүмүүс тухайн юмыг нь хийгээд эхэлчихсэн байдаг. Яг фейшин өөрийгөө давтдагтай адил.

 Жазз хөгжимд шинэ зүйл зохиох хэцүү байдаг. Гэтэл хөгжмийн салбарт үргэлж шинэ зүйл хий гэж дарамталдаг. Эсрэгээрээ бид хүмүүст бичих сэдэв өгөх гэж хоёр долоо хоног тутамд жазз хөгжимийг дахин шинээр зохиох шаардлагагүй. Гэхдээ өмнө нь юу болоод өнгөрснийг ойлговол маш их дарамтнаас сулардаг. Үнэндээ би шинийг зохиох шаардлагагүй. Би өөрийнхөөрөө л байхад хангалттай гэдгийг ойлгодог. Үүнийг ойлгосон цагт маш их хөнгөрдөг.  Тийм ч учраас өнгөрсөнийг судлах нь чухал гэж би боддог. Өнөөгийн үеийнхэнд боломж маш их болсон байна. Бүх юм гадагшаагаа нээлттэй байна. Хэдий тийм ч хөгжимд бүтэц, тэвчээр, хатуужил шаарддаг хэвээр байгаа. Мөн өөрийнхөө сэтгэлд нийцсэн зүйл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол аз жаргалтай хөгжимчин болохгүй.  Аз жаргалтай ч амьдрахгүй.

 

 

RAD!