Инстаграмчлагдсан улстөрчид, 2010-аад оны k-pop

Инстаграмчлагдсан улстөрчид, 2010-аад оны k-pop

Г.Занданшатарын зөөлөн хүч

 Манай улстөрчид дижитал орчинд амьдралынхаа талыг өнгөрөөж буй залуу сонгогчиддоо хүрэх гээд оролдоод эхэлжээ. Ойр ойрхон ажиглагдах болсон энэ хандлагын цахиурыг 2024 оны парламентийн сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдож гарсан УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы баг сурталчилгааны контентынхоо аян дээр Трэвис Скоттын “Fein”-ийг дэвсэж хагалсан гэхэд болно.

Энэ мэтчилэн зарим улстөрчид яг цаг үеийнхээ урсгалыг дагаж байгаад гайхах зүйлгүй. 2024 онд ikon.mn-ээс  визуалжуулсан графикийг харахад 18-45 насныхан сонгогчдын дунд жинтэй хувь эзэлж байна. Энэ насны ангилал ялангуяа 18-35 насныхан ерөнхий сайд асан С.Оюун-эрдэнийг суудлаа тавьж өгөхөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Жагсаалыг ахалсан О.Уламсайхан гэхэд 25 настай.

Үүнийг ч энэ жилийн  6-р сарын 23-нд  Монгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар сонгогдсон  Г.Занданшатарын контент баг мэдрэмжтэйгээр өлгөж авчээ.

6-р сарын 23 буюу сонгогдсоноос 10 хоногийн дараа түүний Инстаграм пейжид орсон анхны пост MongolZ-ийн тухай байв. Ерөнхий сайд MongolZ-ийг баяр хөөртэй үзэж байгаа нэг видео оруулсан нь хурган шуугиан тариад амжсан.

 Монгол Ардын намын XXXI хурлын үеэр оруулсан зурган постонд түүний баг Жейдн Смитийн "Icon" дууг аудиогоор сонгон оруулжээ. Комментуудаас харахад энэ пост ч дажгүй эерэгээр хүрсэн бололтой. Ерөнхий сайд мөн хамгийн сүүлд манай улсад ирсэн “Physical Asia” шоуны тамирчидтай уулзаж байгаа талаараа Инстаграмдаа мэдээлжээ.

 Сонгуулийн сурталчилгаа гэдэг сонгуультайгаа адилхан том сэдэв болдог. Манай зарим залуу сонгогчид ахимаг насны сонгогчдын юунд амархан хууртаж байгааг онилж, сонгуулийн үр дагаварт буруутгах дуртай байдаг. Гэтэл ерөнхий сайдын контентуудыг үзэхэд таалагдах хүсэл, дорвитой хийсэн ажлынхаа талаар танилцуулахын аль нь давамгайлж байгаа вэ гэсэн асуулт ургаж байна. Тиймээс цаашдын сонгуулиудад залуу сонгогчдод тавих өгөөш юу байхыг харж, тэдний мэргэн ухааныг шалгах сонирхолтой цаг үе ирж байгаа гэхэд хэлсдэхгүй бололтой.

f(x)  ба Effie

 NewYork Times сониноос 2025 оны хамгийн сайн цомгоор хайперпоп к-артист Эффигийн “Pullup to Busan 4 More Hyper Summer It’s Gonna Be a Fuckin Movie”-г нэрлэсэн байлаа. Амьдралынхаа ихэнх хугацааг сэтгэл гутралд өнгөрөөх явцдаа Drain Gang-ийг сонсож тайтгарлыг олсон гэдгээ тэр хуваалцжээ. GenZ үеийг тодорхойлогч жанруудын нэг болсон хайперпоп 2000-аад оны эхнээс 2010-аад оны дунд хүртэлх хөгжим, интернет соёлоос урам авсан байдаг. 

Тиймээс Эффигийн  инстаг ухаж байхад нэг зүйл нүдэнд шууд торов. Тэр SM энтертайментын f(x) хамтлагийн IT girl Кристалийн  Nu ABO (2010) клипэн дэх сор, тайралтаар үсээ засчээ. Тэр Инста профайльдаа ч f(x)-ийн гишүүн асан Сүллигийн Red Light цомгийн зургийг тавьсан байлаа.

Угтаа f(x) хамтлагийн ихэнх алдартай бүтээлүүдийн креатив директороор Мин Хэ-жин ажилласан байдаг. Хэдий Мин Хэ-жин хуучин ажил олгогч Hybe-тайгаа шүүхээр “үзэлцэж” олон к-поп фенүүдийн дунд нэр хүнд нь унаж байгаа ч, k-pop гэх мейнстрийм соёлын гоо зүйг бүтээлцэхэд том хувь нэмэр оруулсантай нь маргашгүй. Кристалийг түүний муза байсан ч гэж ярьдаг. Үнэхээр ч f(x), Мин Хэ-жиний экспериментал хамтрал k-pop дотор бие даасан ваябыг бий болгож, тухайн цаг үедээ охин бүр Кристал, Сүлли шиг болохыг хүсдэг байлаа.

ТикТок JSMN-ийг олов

 JSMN нь 2005 онд Love Arcade нэртэй хамтлагаар анх гарч ирсэн цагаасаа хойш тасралтгүй хөгжим хийж байгаа маш авьяаслаг дуучин. Тэрээр одоо R&B, soul жанраар бүтээлээ туурвиж байгаа. JSMN нь өөрийнхөө фенбейздээ хүндлэгдэж, хөгжмөө өөрийнхөөрөө чөлөөтэй зохиож, цацаж, тоглодог, аливаа хилд баригддаггүй артист. Тэгвэл ТикТок-ийн тренд түүнийг масс руу оруулж ирэв. Реппер Дрейкийн үглэж байгаа хэсгийг түүний сүнслэг хоор дууны интротой Love Me дуунд эвлүүлэн оруулсан нь дажгүй вaйрал тренд болжээ.

 

 

 

 

RAD!